Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2114-24
Нэр Геофизикч
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:54
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Geophysicist
Тодорхойлолт
Геофизикч нь физикийн зарчмуудыг ашиглан дэлхийн царцдасын үүсэл, хувьсал, шинж чанар болон түүний орчныг судалдаг мэргэжилтэн бөгөөд хөдөө хээрийн экспедицийн үед газрын доорх физикийн янз бүрийн процессыг судалж, тэдгээрийн шалтгаан, үүсэх үр дагаврыг тодорхойлно.  Дэлхийн чулуулаг бүрхүүлийн гүний геологийн тогтоц, түүний хэвлийд тархсан төрөл бүрийн ашигт малтмал, эрдэс баялагийн оршихуйн зүй тогтлыг илрүүлэх, газар хөдлөл, галт уул, далай судлал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлын судалгаа зэрэг дэлхий судлалын олон талт асуудлыг шийдвэрлэх зорилготой.
Чиг үүрэг
  1. Дэлхийн дотоод, гадаад үе давхаргуудын бүтэц, өөрчлөлт, физик шинж чанар болон эдгээрт явагдах үзэгдлийг байгалийн болон үүсгэмэл физик орны тусламжтайгаар судлах зорилгоор хээрийн болон лабораторийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэх;
  2. Геофизикийн судалгааны  аргуудад  ашиглагдах төрөл  бүрийн  багаж, тоног төхөөрөмж, программ хангамжтай ажиллах;
  3. Судалгааны үр дүнг боловсруулж, анализ хийж, үр дүнгийн зураг зохиож, бусад мэдээллүүдтэй холбож тайлалт хийнэ, тайлан боловсруулах;
  4. Дэлхийн гүний давхаргуудыг судлахын тулд тэсрэх бодис, чичиргээ зэрэг хянагдсан эрчим хүчний эх үүсвэр ашиглан чичирхийллийн судалгаа хийх;
  5. Дэлхийн таталцлын болон соронзон оронд гарч буй өөрчлөлтүүдийг илрүүлэхийн тулд таталцлын болон соронзон өгөгдлийг ашиглах;
  6. Дэлхийн гүний цахилгаан дамжуулах чанарыг судлахын тулд цахилгаан болон цахилгаан соронзон аргуудыг ашиглаж, газрын доорх ус хайгуул, байгаль орчны мониторинг болон далд бүтцийг илрүүлэх;
  7. Газрын доорх усны эх үүсвэрийг илрүүлэхийн тулд цахилгаан эсэргүүцэл болон цахилгаан соронзон аргуудаар газар доорх нөхцөл байдлыг шинжилж, ус нэвчдэг давхаргыг тодорхойлоход туслах.
Мэдлэг
  • Геологи
  • Физик 
  • Газар хөдлөлтийг хэмжих арга техник
  • Газар хөдлөлтийн долгионы тархалт, чичирхийллийн /сейсмийн/ өгөгдөл
  • Дэлхийн физик үйл явцуудыг, тухайлбал, тектоник хавтангийн хөдөлгөөн, галт уулын идэвхжил, царцдасын деформац зэрэг ойлголт
  • Цахилгаан соронзон орны тархалт болон тэдгээрийн геофизикийн судалгаанд хэрэглэгдэх арга, тухайлбал газар нэвтрэх радарын (GPR) онолын ойлголт
Ур чадвар
  • Газрын тос, хий, ашигт малтмалын хайгуулд шаардлагатай гүний судалгаа төлөвлөх, сейсмийн судалгааг хийх
  • Газар хөдлөлтийн тоног төхөөрөмж ажиллуулах
  • Геофизикийн тоног төхөөрөмжийг ашиглах
  • Газар хөдлөлтийн судалгааг баримтжуулах
  • Хэмжих хэрэгслийг ашиглах
  • Шинжлэх ухааны өгүүлэл бичих, хуралд илтгэл тавих, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах
Ажил мэргэжлийн жишээ
  • Зөвлөх геофизикч 
  • Хайгуулын геофизикч 
  • Геофизикийн инженер 
  • Газрын тосны геофизикч 
  • Судалгаа, зураглал, эрлийн геофизикч